Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг болон Эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга бөгөөд “Алтай Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Хичээнгүй нар Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны санхүүжилт, Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Говь-Алтай аймагт хэрэгжиж буй төсөл арга хэмжээнүүдтэй танилцлаа.
Тайширын усан цахилгаан станцаас Говь-Алтай аймгийн төв рүү хийгдэж буй 110 кВ-ын 53.7 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кВ-ын 1х10 МВА чадалтай дэд станцын угсралтын ажлыг “Биндэгноров” ХХК болон “ДМТМ Трейд” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур босгож, утас татах, дэд станцын тоноглол угсрах ажил хийгдэж байна. Төслийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлэн хүн хүч, машин техникийг нэмэгдүүлэн өвлийн их ачаалал эхлэхээс өмнө дэд станцын барилга угсралтын ажлыг дуусгах, цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлыг 10 сарын 15-ны өдөр дуусгаж, ашиглалтад оруулахаар угсралтын ажлыг гүйцэтгэж буй компаниудтай зөвшилцөж үүрэг даалгавар өгч ажиллав. Уг дэд станц ашиглалтад орсоноор Төвийн бүсийн эрчим хүчний системээс авах чадлын хэмжээ нэмэгдэх, Говь-Алтай аймгийн төвийн ачааллыг хувааж, найдвартай ажиллагааг сайжруулах юм.
Говь-Алтай аймгийн төвд баригдаж буй 25 МВт хүчин чадалтай дулааны станцын угсралтын ажлын явцтай мөн танилцлаа. 5 болон 10 МВт хүчин чадалтай 1, 2-р зуухны угсралтын ажил хийгдэж байгаагаас гадна 10 МВт чадалтай зуухны краказ, нүүрс хүлээн авах конверийн суурь хийх зэрэг ажлыг “Энерготех сервис” ХХК гүйцэтгэж байна. Технологийн зөрчилгүй, материалын сонголт болон угсралтын ажилд мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг анхаарч ажиллах үүрэг өгч ажиллав.