Эрчим хүчний яамны захиалгаар, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Сэргээгдэх Эрчим Хүчийг Нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд “Дэлгэрэх” нарны цахилгаан станц (НЦС) ашиглалтад орохоор улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авлаа.
Тус 10МВт НЦС-ын барилга угсралтын ажлыг 2023 оны долоодугаар сард эхлүүлжээ. Төвийн бүсийн нэгдсэн систем болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг бууруулах, хүчдэлийн түвшинг тохируулах (3МВАр SVG, инвертерүүд нь 5.5МВАр-ын хуурмаг чадлыг үйлдвэрлэж, шингээх техникийн боломжтой) чухал үүрэг гүйцэтгэх юм.
Энэхүү станц нь ашиглалтын 25 жилийн хугацаандаа 415,000 МВт.цаг эрчим хүчийг үйлдвэрлэх бөгөөд Хөвсгөл аймгийн 13,515 иргэн, 1230 өрхийг чанартай эрчим хүчээр хангана гэж тооцоолжээ. Мөн станц ашиглалтад орсноор жилд 11,102 тн нүүрс шаталтыг зогсоож, 14,760 тн нүүрсхүчлийн хий бууруулж, 145,000 тн ус хэмнэх төдийгүй байнгын 10 гаруй, түр 80 орчим ажлын байр бий болох аж.