СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛИЙН ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ УРИЛГА
Монгол Улсын Эрчим хүчний яам нь Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 5 байршилд нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц болон 135 МВт / 440 МВт.ц батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийн “бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” (Independent Power Producers (IPP))-ийг “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу өрсөлдөөнт үнийн саналын үндсэн дээр дуудлага худалдааны зарчим (Аукцион)-аар сонгон шалгаруулахаар төлөвлөж байна.
Та бүхнийг 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах дараах нарны цахилгаан станц (НЦС) болон батарей хуримтлуурын систем (БХС)-ийн төслийн аукционд оролцохыг урьж байна. Үүнд:
- Төсөл 1 – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.ц БХС;
- Төсөл 2 – Булган аймгийн Орхон сумын “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.ц БХС;
- Төсөл 3 – Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.ц БХС;
- Төсөл 4 – Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Хархорин” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.ц БХС;
- Төсөл 5 – Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Өндөрхаан” дэд станцад холбогдох 20 МВт НЦС болон 15 МВт/40 МВт.ц БХС зэрэг орно.
Аукционд оролцох эрх нь “сонирхлоо илэрхийлэх хүсэлт” ирүүлсэн болон ирүүлээгүй бүх хуулийн этгээдэд нээлттэй байна. Оролцогч нь Булган, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт хэрэгжүүлэх төсөл тус бүрд дэнчин байршуулж оролцох боломжтой бөгөөд зөвхөн нэг аукционд шалгарах эрхтэй.
Дараах үндсэн шаардлагыг хангасан оролцогчид энэхүү аукционд оролцож болно. Үүнд:
- Гадаадын хуулийн этгээдүүд нь энэхүү аукционд Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдтэй түншлэл хэлбэрээр хамтран оролцоно. Түншлэлийн гишүүний төсөлд эзэмших хувь хэмжээ нь 5 хувь болон түүнээс дээш байна.
- Түншлэлийн гишүүн тус бүрийн эздийн өмч нь 2024, 2025 оны аль нэг жилийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар 5.0 тэрбум төгрөг ба түүнээс дээш байх (Хэнтий аймаг дахь Төсөл 5-ын хувьд 3.0 тэрбум төгрөг ба түүнээс дээш байх).
- Гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд, гадаад улсын төрийн хяналтад байдаг хуулийн этгээд, эсхүл гадаад улсын Засгийн газар шууд болон шууд бусаар хяналт хэрэгжүүлдэг аливаа этгээд нь төсөлд эзэмших хувь хэмжээний 60 хувиас хэтрэхгүй байх.
- Түншлэлийн гэрээнд түншлэлийн тэргүүлэгч гишүүнийг тодорхой зааж, түншлэлийн гишүүн тус бүрийн оролцооны хувь хэмжээ, санхүүгийн болон техникийн үүрэг, төслийг хэрэгжүүлэх үе шат бүрт хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан байх.
- Түншлэлийн тэргүүлэгч гишүүн нь төслийн нийт хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 50 ба түүнээс дээш хувийг санхүүжүүлэх чадвартай байх.
- Оролцогчийн 2024, 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаар баталгаажсан жилийн дундаж эргэлтийн хөрөнгийн хэмжээ нь төслийн нийт хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 10 хувь ба түүнээс доошгүй байна. Түншлэл хэлбэрээр оролцох тохиолдолд уг шаардлагын 50 ба түүнээс дээш хувийг түншлэлийн тэргүүлэгч гишүүн, харин 25 ба түүнээс дээш хувийг түншлэлийн гишүүн тус бүр дангаар хангасан байх.
- Оролцогч нь төслийг бүрэн санхүүжүүлэх чадавхитай болохыг нотлох зорилгоор түргэн хөрвөх хөрөнгийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтийн аль нэгээр эсхүл нийлбэрээр тодорхойлно. Үүнд:
- Аукцион зарласан өдрөөс хойш гаргасан оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдэлийн тодорхойлолт;
- Аукцион зарласан өдрөөс хойш гаргасан, Арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт (Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг Аукцион хянан үзэхэд харгалзан үзэхгүй. Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг банкны шугаман зээлээр тооцуулах тохиолдолд тус шугаман зээлийн зарцуулалт болон үлдэгдлийг тодорхойлсон банкны тодорхойлолт ирүүлнэ.);
- Үнэт цаас, Засгийн газрын бонд болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үнэт цааснууд;
- Оролцогч нь үндсэн гүйцэтгэгч эсхүл түншлэгчийн хувиар сүүлийн 5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжилтийн шатанд хэвийн үргэлжилж буй зураг төсөл боловсруулах-худалдан авах-барих (EPC), барих-өмчлөх-ашиглах (BOO), бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP)-ийн төслийн 1 ба түүнээс дээш гэрээнд оролцсон туршлагатай. Тухайн гэрээ тус бүрт оролцогчийн оролцоо, гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, эсхүл хүлээсэн үүргийн хувь хэмжээ нь 25 хувиас доошгүй байх.
- Оролцогч нь төсөл хэрэгжүүлэх санхүүгийн хариуцлагыг нотлох зорилгоор аукционы дэнчинг зохион байгуулагчаас заасан дансанд тогтоосон хугацаанд тодорхой хугацаагаар байршуулна. Аукционы дэнчингийн хэмжээ нь нарны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлын 1 МВт тутамд 5,000.0 ам.доллар (таван мянган ам.доллар) байна. Дэнчинг батарей хуримтлуурын системийн чадал болон багтаамжид тусад нь нэмж тооцохгүй.
- Оролцогч нь Эрчим хүчний яамны цахим хуудсанд байршуулсан “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих сонгон шалгаруулалтын журам”-тай сайтар танилцаж, уг журам болон аукционы баримт бичигт заасан холбогдох шаардлагыг бүрэн хангасан байна.
- Хэрэв оролцогч нь “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулахаас татгалзах буюу зайлсхийсэн, зохиомол санал ирүүлсэн эсхүл луйврын шинжтэй үйлдэл гаргасан нь нотлогдсон, мөн авлига, ашиг сонирхлын зөрчил, тохиролцоо хийх, өрсөлдөөнийг хязгаарлах аливаа үйлдэл гаргасан нь тогтоогдсон тохиолдолд тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд аукционд оролцох эрхгүй болно.
Оролцогч нь дээрх журмын 10.2 дахь хэсэгт заасан аукционы мэдээллийг Захиалагчаас авахдаа аукционы төсөл тус бүрд үйлчилгээний хураамж 750,000.0 (Долоон зуун тавин мянган) төгрөгийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь MN070004000415180494 тоот дансанд тушааж, төлбөр төлсөн баримтыг албан бичигт хавсарган ирүүлнэ. Тус албан бичигт аукционы аль төслийн мэдээллийг хүлээн авах, холбогдох албан тушаалтны нэр, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг тодорхой тусгасан байна.
Аукционы урьдчилсан хуваарь
| Огноо | Төслийн дугаар болон байршил |
| 2026.06.18Цаг: 09:00 – 10:30 | Төсөл 1 – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.ц БХС |
| 2026.06.18Цаг: 11:00 – 12:30 | Төсөл 2 – Булган аймгийн Орхон сумын “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.ц БХС |
| 2026.06.18Цаг: 13:30 – 15:00 | Төсөл 3 – Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” дэд станцад холбогдох 50 МВт НЦСболон 30 МВт/100 МВт.ц БХС |
| 2026.06.18Цаг: 15:30 – 17:00 | Төсөл 4 – Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Хархорин” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.ц БХС |
| 2026.06.18Цаг: 17:30 – 19:00 | Төсөл 5 – Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Өндөрхаан” дэд станцад холбогдох 20 МВт НЦС болон 15 МВт/40 МВт.ц БХС |
Аукционд бүртгүүлэх оролцогч нь “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих сонгон шалгаруулалтын журам”-ын 10.7 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлж, мөн журмын 10.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Бүрдүүлсэн баримт бичгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг гэхэд (Улаанбаатарын цагаар) багтаан, зөвхөн цахим хэлбэрээр solarauction@energy-gov.mn болон solarauction2026@gmail.com хаягуудад давхар ирүүлнэ. Баримт бичгийг нэгтгэн 10 МБ-аас хэтрэхгүй хэмжээтэй нэг PDF файл хэлбэрээр илгээсэн байна.
Оролцогч нь дээрх шаардлагатай баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлж ирүүлээгүй тохиолдолд аукционд оролцогчоор бүртгэхээс татгалзана.
Аукционы мэдээллийг зөвхөн цахим хэлбэрээр олгоно.
Нэмэлт мэдээлэл шаардлагатай тохиолдолд дараах утасны дугаар, цахим шуудангийн хаягаар хандана уу.
Холбоо барих утасны дугаар: 7711-6050, 7711-3010
Имэйл хаяг: solarauction@energy-gov.mn, solarauction2026@gmail.com
